САРЬСАН БАГВААХАЙ ҮҮРЭНДЭЭ ӨЛЗИЙТЭЙ

САРЬСАН БАГВААХАЙН БЭЛГЭДЭЛ

Эртний Египтчүүд сарьсан багваахайг хараа муудах, шүдний өвчин, халуун чичрэг, үс халзрах зэрэг өвчөөс урьдчилан сэргийлдэг хэмээн бэлгэдэж хаалганыхаа дээд талд өлгөдөг байжээ. Өдгөө Африк, Карибын тэнгисийн зарим оронд шашны зан үйлд сарьсан багваахайг бурхантай адилтган хэрэглэдэг байна. Харин Хятадууд сарьсан багваахайг аз жаргал ба сайн сайхан зүйл (эрүүл мэнд, эд баялаг, энх амгалан, давуу байдал, урт удаан амьдрал)-н бэлгэ тэмдэг болгодог.

САРЬСАН БАГВААХАЙ ҮҮРЭНДЭЭ ӨЛЗИЙТЭЙ

Сарьсан багваахай янз бүрийн орчинд тархдаг. Энэ нь тухайн багваахайн зүйлээс болон жилийн улирлаас хамаардаг. Тодруулбал үр төлөө гаргах, ичээллэх газар нь ялгаатай байдаг.

Гардалавчтан амьдрахын тулд ус уух, шавжаар хооллох, ичээллэх, унтаж амрах, үр зулзагаа өсгөх оромж шаардлагатай болдог. Эдгээр газрыг ерөнхийд нь хоноглох газар (roost, үүр биш!) гэж томъёолдог. Жишээ нь зуны улиралд эм сарьсан багваахайнууд зулзагаа төрүүлэх  газраа олноороо цуглардаг. Харин өвлийн улиралд ичээллэх газраа эр, эм, залуу амьтад цөм цугларч ичдэг. Сарьсан багваахай шувуутай адил үүр баридаггүй учраас хүний бүтээн байгуулсан элдэв төрлийн барилга байгууламжинд орогнодог.

Дашбалбар сумын Чух нуур түүний эрэг орчмын модон байшингууд нь тал хээрийн бүсэд тархдаг сарьсан багваахайн хувьд маш чухал амьдрах орчин юм. Идэш хоол болох шавж (ялаа, шумуул, эрвээхий гэх мэт), уух ус, орогнох байр нь Чух нуурт байгаа учраас багваахай их байдаг.

ТЭГВЭЛ ХҮМҮҮС ЯАГААД САРЬСАН БАГВААХАЙН ҮҮР ХАЙНА ВЭ?

Сарьсан багваахай байшин барилгын хана, дээвэрт тодорхой хугацаанд орогнох явцдаа их хэмжээний ялгадас (баас) бий болгодог. Мөн янз бүрийн шалтгаанаар үхэж үрэгдсэн сарьсан багваахайн сэг зэм ч үүнд нэмэр болно. Энэ ялгадас буюу бөөгнөрөл нь органик бодис (ус, шавжийн үлдэгдэл, эрдэс)-р баялаг учраас үүнийг дэлхийн олон оронд газар тариаланд бордоо болгон ашигладаг (тагтааны баас/сангасыг ногоо тариалахад ашигладаг шиг). Багваахайн баас дээр дурдснаас гадна ямар ч ач холбогдолгүй болохыг эрдэмтэд нотолчихсон.

ВИРҮСИЙН ХАЛДВАР БА САРЬСАН БАГВААХАЙ

Өнөөдөр олон халдварт болон вирүсийн гаралтай өвчин хүн төрөлхтнийг түгшээж байна. Сармагчин, мэрэгч амьтад 10 янзын халдварт өвчний вирүс тээж, дамжуулдаг бол сарьсан багваахай 17 төрлийн вирүс тээж хүнд дамжуулдаг болох нь сүүлийн үеийн судалгаагаар нотлогдоод байна. Тухайлбал галзуу (Rabies), эбола (Ebola), саарс (SARS)-н вирүсийг сарьсан багваахай тээж, дамжуулж байна.

Өвчтэй амьтан түүний эд эрхтэн, ялгадсыг хэрэглэж ЭРҮҮЛ САРУУЛ БОЛДОГ МУХАР СҮСЭГТ ДАГАЖ, ТУЙЛШРАХ эсхүл ШИНЖЛЭХ УХААНЫ БАРИМТ НОТОЛГООНД ИТГЭХИЙГ та шийднэ...