Сарьсан багваахайн үүр хайж буй хүмүүс халдварт өвчин тараах эрсдэлтэй

-САРЬСАН БАГВААХАЙ ҮҮР ЗАСАХ ЯМАР Ч ЧАДВАРГҮЙ-

Сарьсан багваахайн үүр 50 сая төгрөгийн үнэ хүрч буй мэдээлэлд ард иргэдийг хууртахгүй байхыг хүсч сэрэмжлүүлэг мэдээ хүргэж байсан. Сарьсан багваахайн үүр өндөр үнэ хүрсэн сургаар хөдөөний ажилтай, ажилгүй мянга мянган залуус уул нуруу, ой хөвч, агуй, хадан цохиог бүхэлд нь самнаж, ичээндээ байгаа амьтдыг харгислан устгасаар байна.

Өнөөдөр сарьсан багваахайн үүрийг 50 сая байтугай арван мянган төгрөг зарсан нэг ч хүн олдсонгүй. Тиймээс бид сарьсан багваахайг 20 гаруй жил судалж буй МУБИС-ийн Биологийн танхимийн эрхлэгч Ж.Ариунболдтой ярилцлаа.

Хэдхэн хоногийн өмнө олон нийтийн сүлжээнд сарьсан багваахайн үүр 50 сая төгрөгөөр авна гэсэн зар байсан. Гэтэл өнөөдөр 800 сая, бүр нэг тэрбум хүртэлх төгрөгөөр авна гэсэн зар харагдах боллоо. Ер нь энэ амьтан үүр засдаг юм уу?

Сарьсан багваахай судалдаг хүмүүсээс гадна олон хүн энэ амьтан үүр засдаггүй гэдгийг мэднэ. Үүр засах чадваргүй, далавч нь нисэх үүрэгтэй, хойд хөл нь аливаа нэгэн юмнаас зүүгдэх л үүрэг гүйцэтгэж амаараа идэш, хоол тэжээлээ олж иддэг. Дэлхий дээр 1300 төрлийн сарьсан багваахай байдгаас нэг нь ч үүр засдаггүй. Гондураст амьдардаг нэг төрлийн сарьсан багваахай навч хуйлаад, шүхэр шиг юм хийж, өөрийгөө борооноос хамгаалдаг. Үүнийг ч гэсэн үүр гэж хэлэхэд хэцүү л дээ. Байгаль дээр модны хөндий, хад чулууны завсар амьдардаг. Хот суурин газар байшингийн дээвэр гэх мэт газарт амьдардаг. Сарьсан багваахай амьдарч байсан газар үүр үлдэхгүй, харин баас нь л үлддэг. Хэрвээ үхэж үрэгдсэн бол юм сэг зэм нь үлдэнэ дээ. Гэтэл олон нийтийн сүлжээнд хачин хачин зураг тавиад, “Өвөл ичдэг, баас нь цуглараад ийм болчихдог” гээд хэд хэдэн зураг тавьсан байна лээ. Яг юу гэдгийг нь нүдээрээ хараагүй учраас сайн мэдэхгүй юм.

Гялгар уутан дотор хөвсгөр, гонзгой хэлбэртэй зүйлийг сарьсан багваахайн үүр гээд фэйсбүүкт нийтэлсэн байсан?

Хамгийн анх уран шувууны үүрийг сарьсан багваахайн үүр гэж бичээд фэйсбүүк дээр тавьсан. Харин сүүлийн үед шувууны үүр гэхэд арай жижигхэн арьсан гадаргуутай зүйлийн зургийг сарьсан багвайхан үүр гэж бичээд байна. Одоогоор эрдэмтэд, биологич бидний хэнд ч тэр жижигхэн арьслаг зүйл яг юу гэдгийг мэдэх юм алга. Тиймээс худлаа цуу л гэж бодоод байгаа. Би сарьсан багваахай байрладаг, ичдэг газруудаар олон жил явж судалгаа хийхдээ үүр огт харж байгаагүй. Агуй судалдаг н.Авирмэд доктор хүртэл надаас хэдхэн хоногийн өмнө “Сарьсан багваахайн үүр гэж ер нь ямар юм байдаг юм бэ” гэж асуусан. Насаараа Монголын агуйнуудыг судалж нэгжээд ном гаргасан хүн шүү дээ. Хэрвээ сарьсан багваахай үүр барьж өвөл ичдэг бол шинжлэх ухааны томоохон нээлт болох байлгүй дээ.

-САРЬСАН БАГВААХАЙ ГАЛЗУУ, ЭБОЛА, СААРС ӨВЧНИЙ ВИРУС ТЭЭДЭГ -

Сарьсан багваахайг Монголд ичдэггүй, халуун орон руу нүүдэллэдэг гэсэн мэдээлэл уншлаа. Та энэ талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

Халуун орон руу нүүдэллэдэг, нисдэг амьтан учраас зарим нь 2000-3000 км нисэж, халуун оронд өвөлждөг. Мөн цөөн тооны сарьсан багваахай агуй, модны хөндийд ичдэг.

Сарьсан багваахай байгаль экологид ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?

-Сарьсан багваахай байгаль, эко системд их чухал үүрэг гүйцэтгэж, шавьжны тоо толгойг зохицуулдаг. Ялангуяа Монгол оронд амьдардаг сарьсан багваахайнууд бүгдээрээ шавьжаар идээшдэг. Тиймээс манай оронд шавьжны тоо толгойг зохицуулахад энэ амьтан маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Жишээлбэл, шөнөөр нисдэг шумуул, ойд модыг ихээр устгадаг өрөөсгөл хүр эрвээхэйний тоо толгойг зохицуулна. Хүн, амьтны цус сордог шумуулыг идэж устгаж, хүнс тэжээлийн тариа ногоог хортон шавьжаас хамгаалж байна. Ийм олон талын ач холбогдолтой амьтан юм. Энэ амьтны гүйцэтгэж буй үүрэг шууд хүнд мэдрэгддэггүй учраас ач тусыг нь сайн мэдэхгүй байна. Энэ амьтныг үлгэр домог болон кинон дээр тийм ч сайхнаар гардаггүй болохоор хүмүүс жаахан сөрөг сэтгэлгээтэй байдаг. Гэтэл энэ амьтан байгаль эко системд маш чухал үүрэг гүйцэтгэдэг гэдгийг дахин хэлмээр байна.

              

Зургийн тайлбар: Олон нийтийн сүлжээнд уран шувууны үүрийг сарьсан багваахайн үүр гэж энэ зургийг нийтэлжээ

-САРЬСАН БАГВААХАЙН БААСАНД АМЬДАРДАГ МӨӨГӨНЦӨР АГААР ДУСЛААР ХҮМҮҮСТ ХАЛДВАРЛАЖ ЭЛЭГ, ДЭЛҮҮ, БӨӨРИЙГ ГЭМТЭЭДЭГ-

Сарьсан багваахай маш олон халдварт өвчин тээдэг амьтан. Гэтэл агуйд энэ амьтны үүрийг олох гэж яваад хазуулбал иргэдэд ямар эрсдэл үүсэх вэ?

Дэлхийн даяар амьдардаг сарьсан багваахай 200 орчим төрлийн вирус тээдэг гэсэн судалгаа байдаг. Үүнээс 17 нь хүнд халдварладаг. Тухайлбал, галзуу, эбола, саарс гэх мэт айхтар вирусыг тээдэг амьтан шүү дээ. Хамгийн түгээмэл нь галзуу. Манай орны хувьд махчин амьтад болох чоно, үнэг, нохой гэсэн амьтад галзуурч, өөрийгөө хянах чадваргүй болж хүн рүү дайрдаг. Ийм амьтанд хазуулсан хүн ч гэсэн галзуурдаг. Гэтэл сарьсан багваахай галзуугийн вирус тээдэг мөртлөө галзуурч хүмүүсийг хаздаггүй. Энэ амьтан жижигхэн боловч маш хурц шүдтэй. Тиймээс оролдож байгаад хазуулбал өвчин тусна. Мөн сарьсан багваахайны баас, шувууны сангасанд амьдардаг мөөгөнцрөөр халдварлах эрсдэлтэй. Энэ мөөгөнцөр агаар, амьсгалын замаар хүнд халдварлаж, цусаар тээвэрлэгдэж элэг, дэлүү, бөөрийг гэмтээдэг. Сарьсан багваахай орчноос тусгаарлагдаж, нар тусахгүй газар амьдардаг учраас олон төрлийн вирус, өвчин үүсгэгч байх өндөр магадлалтай. Иргэд агуй дотор сарьсан багваахайн үүр олохоор явж байхдаа олон төрлийн өвчин авах эрсдэлтэй. Мөн агуй дотор хад чулуу нурах эрсдэлтэйгээс гадна байгалийн хорт хийнүүд маш их хуримтлагддаг. Тиймээс ийм агуйд орж болдоггүй. Хэрэв агуй дотор гал асаавал дэлбэрнэ. Сарьсан багваахайн үүр хайгаад агуйгаар явж буй хүмүүс нийгмийн аюултай халдварт өвчнүүдийг тараах эрсдэлтэй болчихоод байна.   

Сарьсан багваахайн үүрийг ямар хүмүүс өндөр үнээр авна гэж цуу тараагаад байгаа юм бол. Таньд ямар нэгэн мэдээлэл байна уу?

Миний хувьд нарийн сайн мэдэхгүй байна. Олон нийтийн сүлжээ болон гадуур тархаад байгаа цуу үгийг сонсоход “Өвөрмонгол жолоочтой хятадууд Хэнтий аймагт сарьсан багваахайн үүр хайгаад явж байна. Юунд хэрэглэдэг юм бэ” гээд хүмүүс надаас асууж л байна. Мөн “Оросууд үүр авах гээд машин дүүрэн мөнгө ачаад ирсэн явж байна” гэсэн янз бүрийн л цуу үг сонсогдож байна. Хууль хяналтын байгууллагууд л үнэн, худлыг нь тогтоох болов уу.  

Хүмүүс сарьсан багваахайг маш удаан үрждэг амьтан гэдэг. Гэтэл орон нутгийн иргэд бүлээр нь устгаад байна?

Монголд 19 зүйлийн сарьсан багваахай амьдардаг. Сарьсан багваахай ховор амьтны жагсаалтад багтдаг учраас “Улаан ном”-д орсон. Тиймээс алж устгах, эд эрхтэнийг нь худалдаалах, худалдаж авах тэр байтугай амьдрах орчныг нь алдагдуулахад хуулийн хариуцлага хүлээдэг. Манай орны сарьсан багваахай 7-15 гр орчим жинтэй жижигхэн амьтан. Удаан өсөлттэй, хулгана зурам шиг жилд 2-3 удаа төрдөггүй. Сарьсан багваахайн жилдээ ганцхан зулзага төрүүлдэг. Манайхан оготно, хулганатайгаа андуураад устгах гээд байдаг. Нэг тоо толгой нь буурчихвал эргээд хуучин хэвэндээ очих боломжгүй эмзэг амьтан. Хэрэв сарьсан багваахайн тоо толгой цөөрвөл ой модыг устгадаг хүр эрвээхэй, хортон шавьжны тоо толгой өснө. Сарьсан багваахай зулзагаа хөхүүлж байх үедээ биеийн жинтэйгээ ойролцоо шавьж барьж иддэг. Нэг цагт ойролцоогоор 1000 шумуул барьж иднэ. Өөр ингэж шавьжны тоо толгойг зохицуулдаг амьтан, шувуу ч байхгүй. Заримдаа сарьсан багваахай элбэг юм шиг 30, 40-үүлээ сүрэглэн амьдардаг. Энэ нь үржлийнх нь үе гэдгийг хэлмээр байна.

-2006 ОНД ХОЙД АМЕРИКААС ИЛЭРСЭН МАШ АЮУЛТАЙ МӨӨГӨНЦРИЙН ХАЛДВАР МОНГОЛЫН ХЭД ХЭДЭН АГУЙГААС ИЛЭРСЭН-

Манай оронд амьдардаг сарьсан багваахайнаас нэг төрлийн шинэ мөөгөнцрийн халдвар илэрсэн гэл үү?

Сүүлийн хоёр жил агуйд амьдарч буй сарьсан багваахайн өвчлөлийн талаар судалгаа хийсэн. Гэтэл 2006 оноос хойш Хойд Америкт нэг төрлийн мөөгөнцрийн өвчин гараад, тэр бүс нутгийн сарьсан багваахайнууд өвчилсөн. Эрдэмтэд судлаад үзтэл европ тивийн жуулчдын хувцсанд шингэсэн мөөгөнцөр Америкт очиж агуйгаар аялах үед нь сарьсан багваахайд халдварласан байдаг. Энэ мөөгөнцрийн халдвар Хойд Америкийн ихэнх нутгаар тархчихсан. Зарим нэг зүйлийн сарьсан багваахай устаад үгүй болсон. Эрдэмтэд энэ мөөгөнцрийн өвчнийг зогсоож дийлэхгүй байгаа. Гэтэл энэ мөөгөнцрийг Монголын хэд хэдэн агуйгаас олж илрүүлсэн. Энэ мөөгөнцөр сарьсан багваахайг ичээнд нь байхад өвчлүүлж үхүүлдэг. Тиймээс Монгол оронд амьдарч буй сарьсан багваахайнууд ичээндээ байхдаа устаж үгүй болох аюул тулгараад байхад цуу үгэнд хууртсан иргэд бүлээр нь устгаж байна.

Энэ мөөгөнцөр хүнд халдварлах уу?

Магадгүй. Энэ мөөгөнцөр хүнд халдварлаад хохирол учруулж магадгүй. Гэхдээ одоохондоо шинжлэх ухаан судалж тогтоосон зүйл алга байна.

Ярилцлага өгсөн танд баярлалаа. Ажлын амжилт хүсье.

Хүмүүст зөв, үнэн мэдээлэл хүргэж байгаа танд ч гэсэн баярлалаа. Мөн хэдэн төгрөг олох гэж байгаад эрүүл мэндээрээ, бүх насаараа хохирч, эдгэрэхгүй өвчин авах эрсдэл өндөртэй гэдгийг хэлмээр байна. Сарьсан багваахай шинжлэх ухаанд нээгдээгүй олон төрлийн вирус тээдэг. Сарьсан багваахайн үүр авна гэсэн нэрийн дор ямар нэгэн далд зүйлс явагдаж магадгүй юм. Цуу үгэнд хууртаж, амь нас, эрүүл мэндээрээ хохирч, олдохгүй хоосон юмны төлөө цаг заваа үрэх хэрэггүй.