САРЬСАН БАГВААХАЙ ЮУ ГАРДАЛАВЧТАН УУ?

Аливаа улс үндэстэн амьтныг өөр өөрийн хэлээр нэрлэдгийг ардын нэр гэдэг. Монголчуудын дунд сарьсан багваахайтай холбоотой олон үлгэр, зүйр үгс бий. Харин сарьсан багваахай гэх нэрний тухайд "Монгол хэлний товч тайлбар толь"-д (урд хуруудыг холбосон сарьсан далавч бүхий хулгана мэт бяцхан амьтныг сарьсан баавгай) хэмээн тайлбарласан байдаг. Мөн Улсын нэр томъёоны комиссын мэдээ буюу "ДЭЛЭНТНИЙ АНГИЛАЛ ЗҮЙ, АНГИЛБАРЫН МОНГОЛ НЭР ТОМЪЁО"-ны цувралд chiroptera буюу гардалавчтан болгож журамласан. Chiroptera нь Грек үг бөгөөд "chiro - гар" + "ptera - далавч" гэсэн утга агуулгатай. Нөгөөтэйгүүр сарьсан багваахайн нэрийг Англи хэлнээ handwinged animals, Орос хэлнээ рукокрылые, Герман хэлнээ Fledermäuse гэдэг.

Тиймээс нэгэнт тогтсон нэр томъёог мэргэжлийн болон олон нийтийн хүрээнд цаашид ГАРДАЛАВЧТАН хэмээн хэрэглэх нь зүйтэй.  

ГАРДАЛАВЧТАНЫ АЧ ХОЛБОГДОЛ

ТООС ХҮРТЭЭЖ ЖИМС УРГУУЛАГЧ

Зарим зүйлийн гардалавчтан ургамлын бал, жимсээр хооллох явцдаа ургамалд тоос хүртээж улмаар үр жимс боловсрох нөхцлийг бүрдүүлдэг. Энэ нь нутгийн иргэдийн амжиргаа болон бусад амьтдын амьдралыг тэтгэдэг.  

Тийм ч учраас тэднийг "тропикийн фермерүүд" гэж нэрийдэх нь бий.

ШАВЖИЙН ТОО ТОЛГОЙГ ЗОХИЦУУЛАГЧ

Гардалавчтны ихэнх зүйлүүд хөдөө аж ахуй, тариалангийн талбайд хөнөөл, хохирол учруулдаг олон зүйлийн шавжаар хооллон тэдний тоо толгойг зохицуулах чухал үүрэг гүйцэтгэдэг.

Гардалавчтан шавж идэж устгахын зэрэгцээ өөрөө шувуу, могой зэрэг бусад амьтдын хоол тэжээл болдог.  

ҮР ТАРААГЧ

Зарим ургамлын тоос хүртэх, үрээ тараах зэрэг амьдралын үйл ажиллагаа нь зөвхөн гардалавчтнаас хамааралтай байдаг. Өөрөөр хэлбэл гардалавчтны тусламжтайгаар тархан  ургаж, үр жимс боловсруулдаг байна.

Түүнчлэн гардалавчтны ялгадас нь байгальд тэр дундаа газар тариалан эрхлэгчдэд үржил шимтэй бордоо болдог ач холбогдолтой.  

Гардалавчтаны байгальд гүйцэтгэх үүрэг асар их учраас тэднийг тропик болон цөлийн түлхүүр зүйл (keystone species) гэж үздэг. 

ХЭДЭН ЗҮЙЛИЙН ГАРДАЛАВЧТАН БАЙДАГ ВЭ?

Зураг 1. Дэлхийн хөхтөн амьтны зүйлийн олон янз байдал

Эрдэмтдийн тооцоолсноор дэлхий дээр 80,500 зүйл сээр нуруутан амьтад шинжлэх ухаанд бүртгэгджээ. Эдгээрийн 5,500 зүйлийг хөхтөн, 10,000 зүйлийг шувуу, 10,000 зүйлийг мөлхөгч, 15,000 зүйлийг хоёрнутагтан, загас 40,000 зүйлийг тус тус эзэлж байна. Амьтан, ургамлын судалгаа шинжилгээ эрчимжихийн хирээр өдөр бүр шинэ зүйл шинжлэх ухаанд тэмдэглэгдсээр л байна.   

Зураг 2. Дэлхийн гардалавчтны зүйлийн олон янз байдал

Гардалавчтан Антарктид, Арктик, далайн зарим арлаас бусад бүхий л газарт тархдаг бөгөөд өдгөө 1,300 гаруй зүйл шинжлэх ухаанд бүртгэгдээд байна. Өөрөөр хэлбэл дэлхийн нийт хөхтөн амьтны 25%-г гардалавчтан эзэлдэг. Монгол оронд нийт 19 зүйлийн гардалавчтан тархдаг болох нь судалгаагаар тогтоогдсон бөгөөд энэ нь тус орны нийт хөхтөн амьтдын 15%-г эзэлж байна.     

 

ТЭД ЮУГААР ХООЛЛОДОГ ВЭ?

Гардалавчтан маш олон төрлийн идэш тэжээлээр хооллодог. Гардалавчтны дийлэнх нь шавж идэштэн. Халуун бүсийн гардалавчтан жимс, ургамлын бал, тоосоор хооллодог. Гардалавчтны зарим зүйл нь сээр нуруутан амьтад болох мэлхий, мэрэгч, шувуу бүр сарьсан багваахайгаар ч хооллодог байна. Мөн цөөн зүйлийн гардалавчтан зөвхөн загасаар хооллодог.

Ердөө 3 зүйлийн гардалавчтан л сээр нуруутан амьтдын цусаар хооллодог бөгөөд тэднийг "Вампир" гэж нэрлэх нь бий. Эдгээр гардалавчтан зөвхөн Латин Америкт тархдаг. Тэд идэш тэжээл бологч амьтдынхаа нимгэн арьстай хэсгийг соёогоор хатгаж, олгойдон гарсан цусыг долоож хооллодог. Түүнчлэн гардалавчтан шувуу, мөөг, үет хөлтөн, зарим нь амьтан, ургамлын аль алинаар нь ч хооллож чаддаг. 

ГАРДАЛАВЧТАН ШӨНӨ НИСДЭГИЙН УЧИР

 Дэлхий дээр оршин байгаа бүхий л хөхтөн амьтдаас нисэх чадвартай цорын ганц амьтан юм. Гардалавчтан бүрэнхий, шөнийн идэвхтэй бөгөөд өдрийн цагт ихэвчлэн сүүдэр бүхий хуурай газарт байршидаг. Энэ нь тэдний далавчны арьс нимгэн, наранд хурдан хатдагтай холбоотой юм. Хүмүүсийн дийлэнх нь гардалавчтныг сохор гэж боддог боловч тэд яг л бидэн шиг сайн хараатай амьтан юм.

Гэхдээ танд энэ амьтан яагаад харанхуй шөнө хурдан шаламгай нисч чаддаг юм бол гэж бодогдож байсан уу?

Шөнө гардалавчтны чих нь түүний нүдний үүргийг гүйцэтгэдэг. Тодруулбал эхолокаци буюу өндөр давтамжтай дуу авиа гаргаж, ойсон долгионыг хүлээн авах аргаар аливаа объектын зай, хэмжээ, шинж чанарын тухай мэдээлэл авч, орон зайд баримжаалан, идэш тэжээлээ хайж олдог.

ГАРДАЛАВЧТАНД УЧИРЧ БУЙ АЮУЛ ЗАНАЛ

ХҮН - ГАРДАЛАВЧТАНЫ ЗӨРЧИЛ

ХАЛДВАРТ ӨВЧИН

АМЬДРАХ ОРЧНЫ АЛДАГДАЛ

Хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй олон аюул занал гардалавчтан тулгамдаж байна. Тухайлбал амьдрах орчны хомсдол, уур амьсгалын өөрчлөлт, өвчин эмгэг, ойн доройтол, агнуур, айж эмээснээс үүдэн хөнөөх болон салхин сэнсний байгууламжийн тоо нэмэгдэж байгаа зэрэг нь энэ зүйл амьтдад тулгамдаж буй томоохон аюул заналд тооцогддог. 

Зарим зүйлийн гардалавчтан хар хирс, үчимбэртэй нэгэн адил "Устаж байгаа" гэж үнэлэгдсэн байдаг. Тодруулбал Дэлхийн байгаль хамгаалах холбоо (IUCN) 26 зүйлийн гардалавчтанг Устаж байгаа буюу мөхөх аюултай гэж үнэлжээ. Түүнчлэн 954 зүйлийн гардалавчтан "Эмзэг" хэмээн үнэлэгдсэн байна.

Нөгөөтэйгүүр гардалавчтан хөхтөн амьтдаас хамгийн бага судлагдсан бөгөөд үүний илрэл нь дэлхийн нийт гардалавчтны 15% буюу 203 зүйл нь мэдээлэл дутмаг байгаа байдал юм. Энэ байдал манай оронд ч адилхан бөгөөд Монгол орны гардалавчтны 55% нь үнэлж дүгнэх боломжгүй буюу "Мэдээлэл дутмаг" байна. Дэлхийд төдийгүй Монгол орны хувьд ч гардалавчтаныг судлах, хамгаалах үйл ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэх шаардлагатай байна.